Burmester Audio System компаний бүтээгдэхүүн үүссэн түүх

Dieter Burmester хүүхэд наснаасаа эхлэн техник технологи, инженерчлэлд дур сонирхолтой байснаас гадна хөгжимчин болох хүсэл эрмэлзэлтэй байв. 1977 онд цахилгааны инженер, хөгжимчин мэргэжлийг зэрэг эзэмшсэн 31 настай Dieter Burmester чөлөөт цагаараа амьд хөгжмийн хамтлагт гитар тоглодог байлаа.

Хамтлагийн ашиглаж байсан дууны өсгөгч гэнэт ажиллагаагүй болсон нь орлуулах өсгөгч хайхад хүргэсэн ба тэдний санаанд нийцэх өсгөгч олдоогүй бөгөөд Dieter Burmester аналог технологи дээр тулгуурласан нэгэн өсгөгч бүтээсэн. Тэрээр уг өсгөгчөө 777 гэж нэрлэсэн нь 1977 оны 7 сарыг бэлгэдэж өгсөн нэр юм.

Уг өсгөгч хөгжмийн сонирхол нэгтэй түүний найз нөхдөд ихэд таалагдсан ба гайхалтай нь дараа дараагийн олон захиалгууд түүнийг Burmester Audio System компанийг үүсгэн байгуулахад түлхэц болсон. Тухайн үед Dieter Burmester чанарын өндөр стандарт, шинэ санаа санаачлагыг байнга тэргүүн эгнээнд тавьдаг байсан нь өнөөгийн Burmester Audio System компанийн үндсэн зарчим болон үлджээ.